Сэтгэл хөдлөл гэж юу вэ?
Сэтгэл хөдлөл нь хүний дотоод үйл явдлууд (өөрийн бодол, дурсамж гэх мэт) эсвэл биднийг хүрээлэн буй гадаад орчинд болж буй үйл явдалд үзүүлж буй бидний хариу үйлдэл юм. Сэтгэл хөдлөл хүн бүрт байх бөгөөд тухайн хүний мэдэрч буй сэтгэл хөдлөлийн төрлийг (уурлах, баярлах эсвэл гуниглах) тухайн сэтгэл хөдлөлийг өдөөж буй нөхцөл байдал тодорхойлдог. Жишээлбэл, зарим хүн сайн мэдээ хүлээн авахдаа баяр баясгаланг мэдэрдэг бол зарим хүн юу болох нь тодорхойгүй нөхцөл байдалд айдсыг мэдэрдэг гэх мэт. Сэтгэл хөдлөл өөрөө сайн ч биш, муу ч биш. Эдгээр нь зүгээр л хариу үйлдэл юм. Гэсэн хэдий ч бид өдөр тутмын амьдралдаа сэтгэл хөдлөлдөө автан үйлдэл хийж (эсвэл хийхгүй байх) байдаг ба эдгээр нь эргээд бидний амьдралын тогтвортой, сайн сайхан байдалд хүчтэй нөлөөлж, зарим тохиолдолд бидний амьдралыг үндсээр нь өөрчлөх хүртэл хэмжээнд нөлөөлдөг. Бидний тухайн цаг мөчид мэдэрч буй сэтгэл хөдлөлүүд нь бидний хийж буй сонголт, хийх гэж буй үйлдэл болон бидэнд төрж буй төсөөлөлд шууд нөлөөлдөг. Бид аз жаргалтай, ууртай эсвэл гунигтай, уйтгарласан, бухимдсан зэргээсээ хамаарч шийдвэр гаргадаг төдийгүй бид өөрсдийн дуртай зүйлс болон хоббигоо тэдгээрийн бидэнд төрүүлдэг сэтгэл хөдлөл дээр үндэслэн сонгодог байна. Сэтгэл хөдлөл дээр үндэслэн гаргасан шийдвэр, үйлдлүүд ихэнхи тохиолдолд алдаатай байх бөгөөд бодит байдлыг илүү хурцатгах эсвэл гажуудуулах сөрөг үр дагавартай. Тиймээс сэтгэл хөдлөлөө ойлгож, удирдаж сурах нь амьдралын олон асуудал, дараа засах боломжгүй алдаа, зөрчлөөс сэргийлэх ба амьдралыг хямрал багатай, тогтвортой байхад туслаад зогсохгүй сэтгэл зүйн эрүүл байдал, эрүүл харилцааны эхлэл болох юм. Тиймээс сэтгэл хөдлөлөө ойлгож, удирдаж, хянангаа буюу нэг үгээр сэтгэл хөдлөлдөө авталгүйгээр шийдвэр гаргах, сонголт хийх нь таны сонголт эсвэл шийдвэр илүү оновчтой, ухаалаг, таны харилцаанууд аз жаргалтай, ойлголцол, хүндэтгэл дүүрэн буюу эрүүл байхад төдийгүй нийгэмд амжилттай хэрэгжихэд тань ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж:
1. https://www.verywellmind.com/an-overview-of-the-types-of-emotions-4163976
2. https://www.verywellmind.com/what-are-emotions-2795178